Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 Спорт...
2026-02-19 01:07:44
Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, стресс болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн эмч нар Дорнод аймгийн Дашбалбар суманд ажиллаж, сургалт мэдээлэл зохион байгууллаа.
Дашбалбар
сумын Эрүүл мэндийн төвийн эмч,
мэргэжилтэн, ажилтнуудад СЭМҮТ-ийн Сэтгэц-нийгмийн эрүүл мэнд, гадаад харилцаа,
сургалтын албаны мэргэжилтэн, Сэтгэцийн эмч Б.Хүсэлтүвшин “Стресс гэж юу вэ?”
“Ажлаас халшрах хам шинж” сэдвээр сургалт хийж, ажлын ачааллаас үүдэх стрессийг
таних, ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндээ
хамгаалах зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.
Мөн
Дашбалбар сумын Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “Зуунд чуулсан
бүсгүйчүүд-39” чуулга уулзалтад тус сумын Эрүүл мэндийн төвийн урилгаар
СЭМҮТ-ийн эмч Сэтгэц-нийгмийн эрүүл мэнд, гадаад харилцаа, сургалтын албаны
мэргэжилтэн, Сэтгэцийн эмч Э.Мягмарцэрэн, Б.Хүсэлтүвшин нар оролцож, “Стресс”,
“Донтох эмгэг гэж юу вэ?” сэдвээр сургалт, мэдээлэл өгч, оролцогч бүсгүйчүүдэд
сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, стрессийг зөв зохицуулах, донтох эмгэгээс
урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэв. Чуулганд оролцсон
бүсгүйчүүд идэвхтэй оролцож, сонирхсон асуултаа асууж харилцан ярилцсан үр
дүнтэй уулзалт боллоо.
Түүнчлэн
Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдад зориулан өсвөр
үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор
Э.Мягмарцэрэн эмч “Сэтгэл хөдлөл гэж юу вэ?” сэдвээр сургалт зохион байгуулж,
сурагчидтай нээлттэй ярилцлаа. Сургалтад 100 гаруй сурагч хамрагдаж, сэтгэл
хөдлөлийн талаарх ойлголт, сэтгэл хөдлөлөө зөв таних, илэрхийлэх, сэтгэл зүйгээ
хамгаалах аргуудын талаар мэдлэг мэдээлэл авсан юм. Мөн сургалтад идэвхтэй
оролцсон сурагчдад урамшууллын стикер гардуулсан юм.
Өсвөр
үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн
боловсрол олгоход хувь нэмэр оруулан ажиллаж буй Сэтгэцийн эмч Э.Мягмарцэрэн,
Б.Хүсэлтүвшин нарт Дашбалбар сумын Эрүүл мэндийн төвөөс талархал ирүүллээ.